Богд хааны ордон музейн баг хамт олон Өвөрхангай аймгийн Сант суманд ажиллалаа.
Сант сумаас төв халхын алдарт уртын дуучин МУГЖ С.Сумъяа, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Хавх, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Юнескогийн үндэсний элч, доктор проферссор Н.Уртнасан гэхчилэн олон эрдэмтэн, уран бүтээлчид тодорсон юм.
Н.Уртнасан нь 1990-1993 оны хооронд Монгол улсын Соёлын сайд 2001-2010 оны хооронд Юнескогийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилаж байсан бөгөөд Монгол Алтайн хадны зураг, Их Бурхан халдун түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Хөхүүрийн монгол айрагтай холбогдолдох зан үйл, Уул ус тахилгат монгол газар нутаг, Уртын дуу, Бий биелгээ, Монгол наадам зэргийг Дэлхийн өвд бүртгүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан билээ.
Сант суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд:
✅СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ – Хэл бичгийн ухааны доктор, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва Монгол хэлний үнэ цэн, ач холбогдолыг сурталчлан таниулах зорилгоор “Монгол хэл Монгол хүнийг бүтээх нь” сэдвээр нутгийн иргэдэд илтгэл,
✅ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ Богд хааны ордон музейн дизайнер-куратор Ж.Болортуяа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” Бүртгэл мэдээллийн санч О.Мөнхтуул “Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан” сэдвээр соёл урлагийн байгууллагын ажилчдад чадавхжуулах сургалт,
✅ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР Сант сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад
“Богд хааны ордон музей ба хорин нэгэн дара эх” сэдэвт боловсролын хөтөлбөр,
✅ УРЛАГИЙН ТОГЛОЛТ Дуурьсал хамтлагийн дуучин МУСТА Б.Туваансүрэн, My voice шоуны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг “Эсэргэн” нэгтгэлийн бүжигчин МУСТА О.Төгөлдөр, Л.Ичинхорол нар уран бүтээлийн дээжээсээ өргөн барьж, Сант сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид хамтран оролцож “Эсэргэн” нэгтгэлийн бүжигчдээс зөвөлгөө авсан юм.
✅ ҮЗЭСГЭЛЭН Богд хааны ордон музейгээс “Хорин нэгэн Дара эхийн чуулган” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нутгийн ард иргэдэд толилууллаа.
Мөн Сант сумын ахмад соёл урлагийн ажилтан Ж.Болоож-ыг Өвөрхангай аймгийн “Соёл урлагийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.