МУ- ын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, Соёлын яамны санаачлагаар хэрэгжүүлж байгаа “Соёлын сэргэлт 2023” аян Өвөрхангай аймагт 7.00 цагаас Эртэч Оюунлаг Өвөрхангайчууд өглөөний лекц, ном соёлын арга хэмжээгээр эхэллээ.
Арга хэмжээ аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдаж Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын элч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Өвөрхангай аймгийн хэмжээнд бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, цахим хэрэглээнээс татгалзах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд номын ач тусын нөлөөг нэмэгдүүлэх, соёлын үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцох нэмэгдүүлэх соёлын ном соёлын “Нэг ном эрхэм үйлс” аяныг 50 хоногийн хугацаанд зохион байгуулж энэ өдөр Эртэч оюунлаг Өвөрхангайчууд лекцийг олон нийтэд толилуулж 500 орчим иргэн оролцлоо.
Өндөр гэгээний Соёлын өв лекцийг Аймгийн Ганданпунцоглин хийдийн хамба лам хэл, шинжлэлийн ухааны доктор (Ph.D) Я.Ганзаяа иргэдэд хүргэж, аймгийн Алтанбярга утга зохиолын нэгдлийн яруу найрагчид шүлэг яруу найргаа толилууллаа.
Арга хэмжээний гол үйл ажиллагааны нэг ном бэлэглэх арга хэмжээ бөгөөд Бат- Өлзий сумын Засаг дарга С.Амгалан Соёлын дэд сайдад Монголын нууц товчоо номыг бэлэглэж, Соёлын дэд сайд М.Батбаяр Өндөр Гэгээний мэлмий гийсэн оюунлаг эртэч өвөрхангайчууддаа бахархалтай сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгааг онцолж, талархал илэрхийлээд театрын урлагийн хөгжлийн талаар хэвлэгдсэн номыг ХДТ- ын найруулагч Г.Батгэрэлд уншиж судлахыг хүсэн бэлэг болгон өглөө. Арга хэмжээг СУГ- ын СУХ- ийн дарга Л.Пүрэвлхам хөтлөн явууллаа.
Өглөөний ном соёлын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа