“Монгод гэр”боловсролын үзэсгэлэн
2024-05-08

Өвөрхангай аймаг “Өндөр Богдын өргөө” гэрээр оролцож байна. Уг өргөөнд “Нүүдэлчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, монгол гэрийн бүтэц, гэр барих, буулгах, унь өлгөх, хана боох, бүслүүр татах зэрэг уламжлалт зан үйлийг зочид, хүүхэд залууст тайлбарлан таниулж байгаа юм.

Тухайлбал, Бат-Өлзий сумын өвлөн уламжлагч П.Төмөрбат монгол гэрийг зургаа дахин багасгаж урласан, бүрэн тавилгатай монгол гэрийг урлалын багаж хэрэгслийнхээ хамт танилцуулж байгаа бол Баруунбаян-Улаан сумын өвлөн уламжлагч Д.Мандах, Т.Наран нар тэмээний ноосоор утас ээрэх, дээс томох, унины солго, баганы боолт, эмээлийн олом, морь, тэмээний ногт, аяганы уут, тавгийн уут зэргийг томох, ширэх уламжлалт аргыг зааж, соёлын өвийн боловсрол олгож байна.

  Уянга хийцийн гэр чимэглэлийг өндөр түвшинд урладаг Арвайхээр сумын өвлөн уламжлагч Г.Амирдаабазар найман ханатай гэрийн загвар зураг, өнгө, будгийн хослолыг гарган олны мэлмийг баясгаж байгаа бол Өвөрхангайн зураач, урлаачдын “Барт хүрээ” ТББ-аас уламжлалт модон барын урлалыг түгээн дэлгэрүүлж, аймгийн музейд хадгалж буй хуучны барын дардсыг танилцуулан хүүхэд залуус, жуулчдад өөрсдөө барлаж үзэх боломжийг олголоо.

Түүнчлэн Хархорин сумын “Эрдэнэсийн хүрээ” ТББ-аас калиграфи уран бичлэгээр соён гэгээрэл, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулсан “Монгол гэрийн урлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хуралд аймгийн СУГ-ын хэлтсийн дарга, доктор (Ph.D) Л.Пүрэвлхам “Уянгын гэр урлалын өвийг соёл судлалын үүднээс авч үзэх нь” илтгэлийг тавив. Тэрбээр “Уянга сумын өвлөн уламжлагчид гэрийн мод эрээлэх буюу чимэглэх урлал, Бат-Өлзий сумынхан гэрийн мод сийлбэрлэх урлал, Хархорин, Арвайхээр сум гэрийн эсгий, оосор, бүслүүрийн урлалыг өвлөн орон нутагтаа уламжлан дэлгэрүүлж байгааг онцлон танилцуулсан юм.

# Сэдвүүд
Арга хэмжээ
Мэдээ