Өвөрхангай аймагт уртын дууг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтыг хөгжүүлэх зорилготой “Эртний сайхан” шашин, урлагийн цэнгүүн боллоо.
- “Төв халхын уртын дууны тархалт, өвлөн уламжлал өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг
- Эрдэнэ бишрэлт мэргэн бандид ламтны 6 дугаар хувилгаан Данзанжамъянлодан ламтанд дуун мандал өргөх
- “Эртний сайхан” шашин, урлагийн цэнгүүн
- Аймгийн Уртын дуучдын уулзалт, ярилцлага
- “Наранд золгох шуранхай” ургах нарыг уртын дуутай угтах зэрэг цогц үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, СУГ, ХДТ, Ганданпунцоглин хийд, Монголын Уртын дууны холбооны Өвөрхангай аймаг дахь салбараас хамтран зохион байгуулсан юм.
Үүнд Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргал, Гавьяат жүжигчин Д.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан тэргүүтэй Өвөрхангай аймгаас төрөн гарсан 21 уртын дуучин болон аймгийн уран бүтээлчид оролцлоо.
“Өвөрхангай аймагт уртын дууг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх чиглэлээр уралдаан, шавь сургалт, уулзалт хэлэлцүүлгийг тасралтгүй зохион байгуулж ирсний үр дүнд уртын дуу мартагдаагүй” хэмээн Соёл, урлагийн хэлтсийн дарга, доктор (Ph.D)Л.Пүрэвлхам хэлж байв. Төв халхын алдарт уртын дуучин, МУГЖ С.Сумъяагийн нэрэмжит Уртын дуучдын аймгийн чанартай наадмыг 2004 оноос хойш 20 жилийн турш зохион байгуулж, давхардсан тоогоор 329 уртын дуучин оролцсон байна.
Мөн “Дөмөн” хэмээн алдаршсан, улсын шилдэг өвлөн уламжлагч Д.Дулмаа, Сайн ноён Хан аймгийн дууч, хуурч Ш.Янгив, уртын дуучин Чимэдравдангийн нэрэмжит уртын дууны уралдааныг зохион байгуулж, МУГЖ Д.Ганбаатар, МУСТА, аймгийн шилдэг өвлөн уламжлагч Р.Цэрэндэгд, уртын дууч М.Дүгэрсүрэн, Т.Нарангэрэл нар шавь сургалтаар хойч үедээ сурган өвлүүлж байна.
Цаашид энэ төрлөөр салбарын хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн чанартай зарим уралдааныг улсын хэмжээнд өргөжүүлэх, нутгийн онцлогтой дууг сэргээн өвлүүлэх шаардлага байгааг хэлэлцүүлгээр онцолж байлаа.