“НЭГ НОМ ЭРХЭМ ҮЙЛС” аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Нүүр номоосоо гэрэлтье” уриан дор зохион байгуулагдаж буй “Нэг ном эрхэм үйлс” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр өглөө Хүүхдийн номын ордонд боллоо.
Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, иргэд олон нийтийг ном унших, номтой нөхөрлөх дадал хэвшилд уриалах, зорилтот жилийн хүрээнд цахим орчин дахь соёлыг дэмжих зорилгоор тус аяныг аймгийн Соёл урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Насан туршийн суралцахуйн төв, “Адел” ТББ хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд, аймгийн Төв номын сангийн хамт олон, сумдын Соёлын төвийн Хөгжим бүжгийн багш нар, “Адел” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Үйл ажиллагааны үеэр Хөгжимт драмын театрын дэргэдэх “Драма” жүжгийн дугуйлангийн сурагч Б.Төгөлдөрмандах нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Толь Гэндэн” хошин найраглалаар мэндчилгээ дэвшүүлж, оролцогчид өөрсдийн уншсан номын сэдвүүдээр хэлэлцүүлэг хийв. Мөн бие биедээ ном бэлэглэх арга хэмжээг зохион байгуулан, иргэд, олон нийтийг ном унших, цахим орчинд эерэг байхыг уриаллаа.











