Шар ордны тухай.
Монголын эзэнт гүрний Өгөдэй, Гүюг хаадын түүхэнд холбогдох “Шар ордон”-ы талаар дараах мэдээг сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ. Плано Карпини өөрийн аяллын тамдэглэлдээ: “Ёслолын их хуралдай болох газар очиход цагаан магнаг торгон эдээр хийсэн улэмж том асар хэдийн босгосон” гэж өгүүлээд Гүюг хааны “Шар ордон”-ы гадаад дотоод байдал, байр байдлын талаар тодорхойлон дурдсаныг авч үзвэл төрийн ёслол хийдэг, томоохон ордон байсан гэдэгийг илтгэдэг. Улмаар Плано Карпинигийн аяллын тэмдэглэл, Жувейнигийн “Ертенцийг байлдан дагуулагчдын туух” /1260/, Рашид ад-дин “Судрын чуулган” /1311/ зэрэг сурвалжуудад дурдагдах “Шар ордон”-ы талаарх мэдээ нь хоорондоо адилавтар бөгөөд “Шар ордон нь сүрлэг том”, “олон хүн багтах”, “өнгө бүрийн чимэглэл бүхий” зэргээр тодорхойлсон байдаг. Эдгээрээс үзвэл “Шар ордон” нь Их Монгол Улсын төрийн ёслолд ихээхэн чухал үүрэгтэй болох нь харагддаг аж.
Шар ордон байрлаж байсан газрын тухай.
Гүюг хаан их ор суусан буюу Шар ордон байрлаж байсан газрын байршлын тухайд:
– Лувсанданзаны “Эртний хаадын ундэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч хэмээх оршвой” зохиолд “Өрмөгэтү-д дөчин хоёр наснаа их ор суув” хэмээсэн,
– “Хаадын үндэсний хураангуй алтан товч” сурвалжид “Морин жилд Өрмөгэтү-д дөчин хоёр наснаа их ор суув”.
– Японы эрдэмтэн Ширайши Нориюки өерийн өгүүлэлдээ “Судрын чуулган”-ы мэдээг баримтлан “Шар ордон нь Өрмөгтү хэмээх газар оршиж байжээ”.
– Лондонд 1971 онд хэвлэгдсэн хэвлэлд Хархориноос баруун өмнө зүгт, эрдэмтэн Янай Ватари Хархориноос урагш хагас өдөрчийн газар гаж тус тус узсэн.
– Харин Д’Оссоны бутээлд: Шар ордны байршлыг “Ormektoua” гэж зааж тэмдэглэсэн.
– Монголын зарим судлаачид 2005 онд хэвлүүлсэн “Шар ордон” хэмээх товхимолд Гүюг хааны их ор суусан Шар ордон байрлаж байсан Өрмөгт бол одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Орхон голоос урагш орших газар гэж үзсэн байна.
Үүнээс ундэслэн зарим судлаачид “Өрмөгт” нэртэй газрыг сурвалжилсан ба “Шар ордон” нь “Далан даваа” болон “Өрмөгт” хэмээх газар байсан тул Хархориноос холгүй байх ёстой хэмээн үздэг.
Харин “Шар ордон” гэж нэрлэх болсон нь Өгөдой хааны үеэс эхтэй бөгөөд нүүдлийн зориулалттай бус зуслангийн ордны болон төрийн их ёслолын ордон болсон гаж үзсэн нь манай судлаачдын судалгааны хамгийн сүүлийн үеийн үр дүн юм.
Энэ судалгаа бол уг туухэн газрыг тодруулах, их хааны “Шар ордон”-ы түүхийн талаарх мэдээ баримтыг түшиглэн бичсэн судалгааны урьдчилсан үр дүн байсан юм.
Гэхдээ эл судалгааг дэмжсэн, эсвэл үгүйсгэсэн судалгаа өнөө хэр гараагүй байна.
Тиймээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт холбогдох нэр бүхий газруудад түүх, археологийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатайг харуулж байгаа юм гэж ШУА-ийн Түүх, угсаатны зуйн хурээлэн Монголын эзэнт гурэн, дундад үеийн түүхийн салбараас бидэнд албан бичгээр ийнхүү бидний хүсэлтэд хариу ирүүлсэн билээ.
Эртний газар орны нэр, өнөөгийн газар нутгийн байршлын тухай.
Одоогийн Хужирт сумын төвөөс зүүн урагш 30 км, Хархорин сумын төвөөс баруун урагш 70 орчим км зайд “Өрмөгтий” хэмээх газар одоо хэр нь энэ л нэрээрээ оршин байна. Тэрхүү “Өрмөгтий” гэдэг газрын залгаа баруун талд “Ханхрын даваа” гэж бас бий. Дээрх сурвалжид тэмдэглэгдсэн “Далан даваа” хэмээх үгтэй төстэй дуудагдана. Хархориноос 70 орчим км зайтай гэдэг нь өглөө мориор гарч, хатируулсан хүн үд дунд хүрэхээр, үнэхээр л хагас өдөрчийн газар гэлтэй. Ийм нэгэн түүхэн газар нутаг Хужирт сумын 1-р багийн нутагт байна.
1246 оны 8, 9 дүгээр сарын заагаар Гүюг хааныг хаан ширээнд их ор суух тэр үед алдарт аялагч, 50 гаруй настай Плано Карпини өөрийн орчуулагч /орос хэлтэй/ Польш гаралтай Бенедикт Полакын хамтаар монголд ирж, хаан ширээнд залах ёслолыг биеэр үзэж, оролцсон гэдэг. Тийнхүү ирэхдээ Плано Карпини нь тухайн үеийн Ромын Пап IV Иннокентээс захидал авч ирэн Гүюг хаанд хүргэсэн ба хариу захидлыг авч тэр оныхоо намартаа буюу 11-р сард буцсан гэдэг.
Нутагтаа буцаж очсоныхоо дараа Плано Карпини болон Бенедикт Полак нар тус бүртээ аяллын тэмдэглэл бичсэн бөгөөд тэдгээр нь одоо хэр нь хадагалагдан өнөөгийн бидний үед иржээ.
Тухайн үеийн Ромын Папаас илгээсэн захидал нүүдэлчин монголчууд бидэнд хадгалагдан үлдээгүй ч, харин Гүюг хаанаас хариу болгон илгээсэн захидал эх хувиараа өнөө хэр нь өнөөгийн Гэгээн ширээт Улс хэмээх Ватиканы номын санд хадгалагдан ирсэн байдаг гэнэ.
Тэрхүү хадгалагдан үлдсэн Гүюг хааны захидлын хуулбар хувийг манай Улсын Гадаад харилцааны яам 2021 онд авч, одоогийн Хархорин сум дахь “Хар хорум” музейд ирүүлж, үзмэр болгон тавьсан билээ.
Иймд дээрх баримтуудаас харахад Гүюг хааныг хаан ширээнд залсан газар болон тэрхүү алдарт захидлыг бичиж илгээсэн газар нутаг нь өнөөгийн МУ-ын Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1-р багийн нутагт орших “Өрмөгтий” хэмээх газар байж болох ажээ.
Гэхдээ зарим судлаачид тэрхүү шар ордныг дээрхээс арай өөр байршилд байсан байж болох талаар таамаг дэвшүүлсэн гэдэг тул эдгээрийг цаашид нягтлан судалж, нарийвчлан тогтоох нь өнөө цагийн Та бидний нэгэн нандин үүрэг гэлтэй.
Гүюг хааны тэрхүү захидалд Ромын Пап ламыг өөрийн биеэр ирж уулзахыг бичсэн байх бөгөөд үүнийг манайхан егөөдөж тэртээ 777 жилийн өмнөх хааны маань захидалд дурьдсанчлан эдүгээ Ромын Пап монголд ирлээ гэх монголчуудын хошигносон хийгээд бэлгэдсэн яриа өгүүлэл сошиал сүлжээгээр хөврөх аж.