Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны А/33 дугаар тушаалаар Соёлын биет бус өвийн Төв, Хангайн бүсийн үзлэг судалгааг “Хангайн бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай” гэсэн 5 аймгуудад 2023 оны 10 дугаар сарын 06-наас эхлэн бүсчилсэн судалгааны ажлуудыг зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн хэмжээнд Хужирт, Бат-Өлзий, Хархорин, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Арвайхээр, Тарагт, Нарийнтээл зэрэг 12 сумын 80 гаруй өвлөн уламжлагчдыг тус судалгаанд хамрууллаа. Тус судалгааны хүрээнд өвлөн уламжлагч нэг бүрээс тухайн өвийн онцлог, дэг арга барил, уламжлан авч үлдсэн байдлыг тодруулах 15-40 минутын фокус ярилцлага, бичлэгийг хийж баримтжуулан, Googleform ашиглан 4 бүлэг 35 асуулга бүхий судалгааг авлаа. Өвөрхангай аймагт бурханы шашны ном уншлага, бишгүүрийн ая дан, эмийн ургамлаар анагаах, мэргэ төлөг, уламжлалт бариа засал, Гал тахих, Гүүний үр сүү гаргах ёс, зан үйл, монгол гутлын наамал улыг бэлтгэхэд уламжлалт аргаар цавуу хийх аргачлал, мал маллах арга ухаан зэрэг уламжлуулах, шавь сургалтаар өвлүүлэх шаардлагатай өв байгаа нь судалгаагаар тогтоогдож байна. “Цахим суварга ТББ”-ын гүйцэтгэх захирал зураглаач Б.Батзориг, “Цахим суварга” төслийн менежер, соёл судлаач Э.Гэрэлмаа нар сумын соёлын ажилтнуудын хамт ажлын хэсэг болон зохион байгууллаа.
Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор аймгийн 24 суманд 2023 оны 10 дугаар сарын 06 наас 10 дугаар сарын 30-ны хооронд нийтдээ 3000 орчим км зам туулан ажилласан бөгөөд аймгийн Соёл, урлагийн газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга соёл судлаач Л.Пүрэвлхам судалгааны багийн ахлагчаар ажилласан байна. Өвлөн уламжлагчдын фокус ярилцлага, гэрэл зураг, бичлэг баримтжуулалт нь МУ-ын биет бус өвийн Бүртгэл мэдээллийн санд архивлан хадгалагдах бөгөөд цаашид баримтат кино түүх, соёлын өвийн судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашигладах бүрэн боломжтой болох юм.
МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Соёлын төвийн дарга, соёлын ажилтнууд, өвлөн уламжлагч нартаа талархал илэрхийлье.